Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны долоодугаар сарын 20-нд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын баталгаажуулах шинжилгээний хариу эерэг гарч, тарваган тахлын хүний өвчлөл болохыг албан ёсоор баталгаажуулсан.
Нян судлалын эцсийн шинжилгээгээр энэ тохиолдол нь тарваган тахлын булчирхайн хэлбэр болохыг тогтоожээ.
Энэ хэлбэрийн тарваган тахлын өвчлөлийн үед олон нийтийг хамарсан хөл хорио тогтоох шаардлагагүй талаар Ховд аймгийн ЗӨСТ-ийн дарга Б.Баяржаргал мэдээлсэн байна.
Тарваган тахал өвчин булчирхайн, уушгины, үжлийн, гэдэсний, хавсарсан гэсэн эмнэл зүйн таван хэлбэртэй. Эдгээрээс хамгийн түгээмэл нь булчирхайн хэлбэр. Тарвага өвчих үед арьсаа зүсэх эсвэл ил шархаар дамжин халдвар авна. Эхний үед шархтай хэсгийн булчирхай цочно.
Цаашлаад цавь, суга, хүзүү зэрэг бүх тунгалгийн булчирхай хавдах, хөндүүрлэх, үрэвсэх, буглах шинж илэрдэг. Үүнтэй зэрэгцэн гэнэт өндөр халуурах, толгой үе мөчөөр янгинан өвдөх зэрэг ерөнхий хордлогын шинж хүчтэй илэрдэг байна.
Тарваган тахал нь хүний амь насанд аюултай халдварт өвчин бөгөөд дараах үндсэн замуудаар халдварладаг.
- Шууд хавьтлын замаар-Өвчтэй тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх үед болон өвчтэй хүнийг хамгаалах хэрэгсэлгүй асарч, халдвартай эд зүйлстэй хүрэлцэхэд халдвар авна.
- Дам халдварын замаар-Халдвартай мэрэгч амьтдын бөөс, бүүрэг, хачигт хазуулснаар халдварлана.
- Агаар дуслын замаар-Тарваган тахлын уушгины хэлбэрээр өвчилсөн хүнээс бусдад амьсгалын замаар халдвар дамжина.
- Хоол хүнсний замаар-Өвчилсөн тарваганы түүхий эд, дутуу болгосон мах, махан бүтээгдэхүүн хэрэглэснээр халдвар авах эрсдэлтэй.
Admin
Сэтгэгдэл үлдээх