Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй "Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган"-ы хүндэт зочид, төлөөлөгчид өнөөдөр Чойжин ламын сүм музей-д зочилж, Монголын түүх, соёлын хосгүй үнэт өв, үзмэрүүдтэй танилцлаа.
Чуулганд оролцож буй олон улсын музейн удирдлагууд тус музейн сан хөмрөгт хадгалагдаж буй ховор нандин үзмэрүүд болон уран барилгын өвөрмөц шийдлийг өндрөөр үнэлсэн байна.
Уулзалтын үеэр төлөөлөгчид музейн орчин, орон зайн зохион байгуулалтыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, орчин үеийн музейн чиг хандлагатай уялдуулах чиглэлээр туршлага солилцохын зэрэгцээ цаашид хамтран ажиллаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Энэхүү айлчлал нь Монголын музейн салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, үндэсний түүх, соёлын өвийг дэлхий нийтэд сурталчлан таниулах, музейн үйлчилгээ, стандартыг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой үйл явдал болж байгааг албаныхан онцоллоо.
Эх сурвалж: Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
Admin
Сэтгэгдэл үлдээх