Валютын ханш :

2026 оны 6 сарын 10, 3, Лхагва гараг

"₮792 мянга хүртэлх орлогыг татвараас чөлөөлж, ₮2 сая хүртэлх орлогод 1 хувийн татвар ногдуулна"

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ыг 1 хувь болгох хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцын талаар нийгмийн сүлжээнд мэдээлжээ. 

Тэрбээр УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу хуулийн төсөл өргөн баригдсаны дараа түүнийг нэгтгэх, цэгцлэх, хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт хууль санаачлагч өөрөө оролцдоггүйг онцолсон байна. 

Түүний мэдээлснээр, өчигдөр хуралдсан ажлын хэсэг түүний өргөн мэдүүлсэн "цалин хөлсний орлогод ногдох ХХОАТ-ыг бүхэлд нь 1 хувь болгох" саналыг Засгийн газрын төсөлтэй нэгтгэн хэлэлцэхдээ дэмжээгүй аж. Тэрбээр үүнийг харамсалтай шийдвэр хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.

Харин үүний оронд сарын 2 сая төгрөг хүртэлх орлогод 1 хувийн татвар ногдуулах хувилбарыг дэвшүүлсэн байна. Түүний хэлснээр энэ зохицуулалтад нийт цалин авч буй иргэдийн 53 орчим хувь буюу 544,183 хүн хамрагдах аж.

Мөн иргэдийн цалингаас суутган авч, дараа нь буцаан олгодог байсан 792 мянган төгрөг хүртэлх орлогод ногдох татварыг анхнаас нь чөлөөлж, 0 хувийн татвартай байхаар төсөлд тусгажээ.

Хэрэв уг өөрчлөлт батлагдвал сарын орлогын 0-792 мянган төгрөгийн хэсэгт 0 хувь, 792 мянгаас 2 сая төгрөг хүртэлх хэсэгт 1 хувийн татвар ногдуулах юм байна.

Ж.Баярмаагийн тайлбарласнаар, энэхүү өөрчлөлт хэрэгжсэнээр 2 сая төгрөг болон түүнээс дээш цалинтай иргэн бүрийн гар дээр сар бүр 188 мянган төгрөг орчим илүү үлдэх боломжтой аж.

Тухайлбал,

  • 2 сая төгрөгийн цалинтай иргэн одоогийн байдлаар 200 мянган төгрөгийн татвар төлдөг бол шинэ зохицуулалт хэрэгжсэнээр 12 мянган төгрөг төлөхөөр байна.
  • 5 сая төгрөгийн цалинтай иргэн 500 мянган төгрөгийн оронд 312 мянган төгрөгийн татвар төлөхөөр тооцжээ.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнөөдөр /2026.06.10/ УИХ-ын Төсвийн байнгын хороогоор, улмаар баасан гарагт нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр товлосон байна.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, "Бүрэн ялалт биш ч татварын ачааллыг бууруулах бодлогын эхний бодит алхам, ахиц болно" хэмээн байр сууриа илэрхийлээд, цаашид бүх дунд орлоготой иргэдийн ХХОАТ-ыг 1 хувь болгох зорилгоосоо ухрахгүй, энэ чиглэлээр үргэлжлүүлэн ажиллана гэдгээ мэдэгдлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа