УИХ-ын D-Parliament цахим платформд иргэн Жазагийн Амарсанаа Транс тосны тухай хуультай болон санаачилга гаргаж, нийтийн өргөдөл гаргажээ. Уг өргөдөлд иргэдийн санал авах хугацаа 2026 оны 5-р сарын 30-ны өдөр эхэлсэн бөгөөд 30 хоногийн хугацаанд 100 мянган иргэний санал авбал уг асуудлыг УИХ-аар хэлэлцэх эрх зүйн зохицуулалттай. 6-р сарын 8-ны 10.30 цагийн байдлаар 4628 иргэн дэмжиж, санал өгөөд байна.
Иргэн, эмч Ж.Амарсанаа Транс тосны тухай хуультай болох талаар гаргасан өргөдөл болон санаачилга гаргах болсон талаараа дараах тайлбар оруулсан байна.
Өргөдөлд,
ӨРГӨДӨЛ Сүүлийн жилүүдэд зүрх судасны өвчин, таргалалт, чихрийн шижин, бодисын солилцооны эмгэг, цусны даралт ихсэх зэрэг өвчлөл Монгол Улсад эрчимтэй нэмэгдэж байгаа нь хүнсний аюулгүй байдал, тэр дундаа үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн дэх транс тосны хэрэглээтэй шууд холбоотой талаар олон улсын судалгаанууд тогтоосон байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас транс тосыг хүн төрөлхтний эрүүл мэндэд аюултай хүнсний найрлага гэж үзэн улс орнуудад хууль эрх зүйн зохицуулалт хийхийг зөвлөсөн бөгөөд олон улс транс тосны агууламжийг хязгаарлах, бүрэн хориглох бодлого хэрэгжүүлж эхлээд байна.
Гэтэл Монгол Улсад:
- Транс тосны хэрэглээний хяналт хангалтгүй
- Хүнсний бүтээгдэхүүний шошго тодорхойгүй
- Импортын болон дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнд тавих хяналт сул
- Иргэд транс тосны хор нөлөөний талаар хангалттай мэдлэг, мээлэлгүй байгаа нь нийтийн эрүүл мэндэд ноцтой эрсдэл үүсгэж байна.
Иймд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор дараах асуудлыг хууль эрх зүйн түвшинд яаралтай шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.
Үүнд, Транс тосны хяналтын тухай бие даасан хууль батлах Хүнсний бүтээгдэхүүн дэх үйлдвэрийн транс тосны дээд хэмжээг тогтоох Бүтээгдэхүүний шошгон дээр транс тосны агууламжийг заавал тэмдэглэх Сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг байгууллагуудад транс тос агуулсан бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах Импортын болон үйлдвэрлэлийн хүнсний бүтээгдэхүүнд тогтмол хяналт тавих Иргэдэд чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн мэдээлэл, сэрэмжлүүлгийг тогтмол хүргэх Эрүүл хүнсний хэрэглээг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх Энэхүү асуудал нь зөвхөн нэг хүний бус нийт хүн амын эрүүл мэнд, ирээдүй хойч үеийн амьдралын чанарт хамаарах тул дээрх саналыг дэмжин “Транс тосны хяналтын тухай” хуулийг батлан хэрэгжүүлэхийг хүсэж байна гэжээ.
өргөдөл өгөх линк: https://petition.parliament.mn/Detail?id=c8ca47ad-9e29-4e0f-9e4e-38eece842c7e
Admin
Сэтгэгдэл үлдээх