Валютын ханш :

2026 оны 3 сарын 26, 4, Пүрэв гараг

Энэ жил 94 км явган болон дугуйн зам тавихаар төлөвлөжээ

Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг Замын хөдөлгөөний удирдлагын төвд хуралдаж, 2026 онд хэрэгжүүлэх авто зам, явган болон дугуйн замын бүтээн байгуулалтын ажлуудын төлөвлөлт, явцыг хэлэлцлээ.

Хурлын үеэр явган болон дугуйн замын сүлжээг өргөтгөх, скүүтэр зорчих нөхцөлийг зохицуулах, авто зогсоолын менежментийг сайжруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх чиглэлд авах арга хэмжээг онцлон авч үзэв.

НИТХ-ын дарга А.Баяр “Явган хүний замаас скүүтэрийг бүрэн гаргах бодлого баримталж байна. Үүний хүрээнд авто замын нэгдүгээр эгнээгээр скүүтэр зорчих боломжийг бүрдүүлэх, тэмдэг, тэмдэглэгээг нэмэлтээр хийх боломжтой авто замыг судалж, шийдэл боловсруулах шаардлагатай. Үүний тулд ирэх долоо хоногт Ажлын хэсгийнхэн скүүтэр түрээслээд, иргэд хаагуур, ямар замаар явж байна, тухайн замаар зорчиход ямар саад бэрхшээл тулгарч байгаатай биечлэн танилцана. Амьдралд нийцэх шийдвэр гаргахын тулд авто зам дээр ажиллана” гэлээ.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга М.Ичинхорлоо “Дүүргүүдээс ирүүлсэн саналд үндэслэн энэ онд нийт 94.1 км урттай явган болон дугуйн зам тавихаар төлөвлөж байна. Үүнд:

  • Баянзүрх дүүрэгт 18.2 км,
  • Сүхбаатар дүүрэгт 29.8 км,
  • Чингэлтэй дүүрэгт 12.5 км,
  • Баянгол дүүрэгт 15.6 км,
  • Хан-Уул дүүрэгт 13.9 км,
  • Сонгинохайрхан дүүрэгт 4.1 км зам тавих боломжтой гэж үзсэн” гэв.

Мөн авто замын нэгдүгээр эгнээгээр скүүтэр зорчих боломжийг бүрдүүлэх хүрээнд Их тойруу доторх 31 гудамжинд тэмдэг, тэмдэглэгээ хийхээр төлөвлөсөн бөгөөд уг замуудын өргөнийг 80 см-ээс доошгүй байхаар тооцоолжээ. Одоогоор ийм төрлийн 101.4 км замын боломжит сүлжээгээр иргэд зорчиж байна гэв.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа