Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж, импортын цахилгаанаас хараат байдал буурахгүй энэ үед салбарын шинэчлэл, технологийн дэвшил, цахим шилжилт нэн чухал асуудал болж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдсан “Эрчим хүчний цахим шилжилт, ухаалаг хэрэглээ” өдөрлөг өнөөдөр /2026.06.08/ болж, эрчим хүчний салбарын шинэчлэл, хэрэглэгчдэд чиглэсэн цахим үйлчилгээ болон сэргээгдэх эрчим хүчний шийдлүүдийг олон нийтэд танилцууллаа.
Өдөрлөгийн үеэр иргэд, аж ахуйн нэгжүүд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг өдөр тутмын хэрэглээндээ хэрхэн ашиглах, нарны болон бусад ногоон технологийн тоног төхөөрөмжийг хэрхэн сонгох талаар байгууллагуудаас зөвлөгөө мэдээлэл өгөв. Мөн ногоон зээлийн бүтээгдэхүүн санал болгож буй банк, санхүүгийн байгууллагууд иргэдэд санхүүжилтийн боломж, зээлд хамрагдах нөхцөлөө танилцууллаа.
Эрчим хүчний салбарын цахим шилжилтийн хүрээнд хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээг бүрэн цахимжуулах, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж буйг албаныхан онцолж байна.
Үүний нэг томоохон ажил нь ухаалаг тоолуурын системийг нэвтрүүлэх төсөл. Энэ системийг ашигласнаар иргэд цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хаанаас ч, хэзээ ч хянах боломжтой болно. Төлбөр тооцоогоо цахимаар төлөхөөс гадна цаг, минут тутмын хэрэглээгээ харах, хамгийн их болон хамгийн бага хэрэглээтэй үеэ тодорхойлох боломжтой болно. Ингэснээр өрхүүд эрчим хүчний хэрэглээгээ илүү оновчтой удирдаж, хэмнэлт гаргах нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.
Хэрэглэгчийн дуудлага, мэдээлэл авах болон үйлчилгээний хүсэлт гаргах үйл явцыг цахимжуулснаар иргэдэд хүрэх үйлчилгээ илүү шуурхай, ил тод, хүртээмжтэй болохыг салбарын төлөөлөгчид онцолж байна.
Эрчим хүчний аюулгүй, найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах зорилтын хүрээнд таван байршилд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр байгуулах сонгон шалгаруулалтыг зарласан. Төслийн хүрээнд нийт 220 мегаваттын хүчин чадалтай нарны цахилгаан станц, 440 мегаватт цагийн хүчин чадалтай батарей хуримтлуурын систем байгуулахаар төлөвлөжээ. Сонгон шалгаруулалтыг энэ сарын 18-ны дотор дуусгаж долоодугаар сард гэрээ байгуулан, арванхоёрдугаар сард багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна
Admin
Сэтгэгдэл үлдээх