Нийслэлийн авто замын хөгжлийн газар, зам засвар, ашиглалтын хэлтсийн дарга Д.Ганбат “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор зургаан дүүрэг, алслагдсан гурван дүүргийн авто замуудад нөхөөсний ажил хийж, эвдрэлгүй болгох 22 багц ажил хийж байгаа. Одоо ажлын явц 70-90 хувьтай явж байна. Багануур дүүрэг ажлаа дуусчихсан байгаа. Баянзүрх дүүрэг 70 хувийн гүйцэтгэлтэй явж байна.
Бусад дүүрэг 80-90 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Энэ ажил нь цаг агаарын байдлаас хамаараад хугацаа нь бага зэрэг хойшилсон ч энэ сарын 25 гэхэд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй байна. Нийслэлийн замын сангийн хөрөнгө энэ жил 35 тэрбум төгрөг тавигдсан. Үүнээс борооны ус зайлуулах, тэмдэг тэмдэглэгээ, зам засвар, шинээр холбоос зам барих, өргөтгөл шинэчлэх олон ажил батлагдсан байгаа. Энэ жилийн хувьд нийслэлд гаднын зээл тусламжаар 58.3 км авто зам барих мөн найман байршилд нийт 5024 км дугуйн зам барих ажил хийгээд явж байна. Мөн борооны ус зайлуулах 1.8 км шугамын ажил, 453 метр далан сувгийн ажил, гурван байршилд төмөр замыг нүхэн гарцаар холбох ажлыг үе шаттайгаар хийж байна” гэлээ.
Ийнхүү өвөлжилтийн бэлтгэл ажил улсын хэмжээнд бүрэн хангагдаж байна. Харин нийслэлчүүд бид хувийн бэлтгэлээ хэрхэн базааж өвлийг өнтэй давах л үлдлээ.