Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд 1356 арга хэмжээг төлөвлөсөн. Үүнээс 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Сэлбэ дэд төвийн 28 МВт ц хүчин чадалтай дулааны станцын барилга угсралтын ажил наймдугаар сарын 16-ны байдлаар 78 хувьтай байна.
Дулааны станц ашиглалтад орсноор Сүхбаатар дүүргийн XIII, XIV, Чингэлтэй дүүргийн XIV, XVIII хорооны 10 мянга гаруй айл өрх, 100 гаруй аж ахуйн нэгж, хэрэглэгчдийг хэсэгчилсэн дулааны хангамжийн шугам сүлжээнд холбох боломж бүрдэнэ.
Дулаан хангамжийн нэгдсэн эх үүсвэртэй болсноор тухайн орчимд барилга байгууламж, сургууль, цэцэрлэг, орон сууцны барилга байгууламж барих суурь нөхцөл бүрдэх аж. Энэ жил төвлөрсөн дулаан хангамжид дөрвөн эх үүсвэрээс 25400 тонн нүүрс татахаар бэлтгэсэн. Зуны засвараа бүрэн хийсэн. Энэ жил нийт 11200 орчим барилга объектыг төвлөрсөн дулаанаар хангана.
Мөн Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотын хэмжээнд 20 мянган тонн мах нөөцлөх үүргийг ХХААХҮЯ өгсөн. ХХААХҮЯ-наас өвөлжилт хүндрэх магадлалтай зургаан аймгаас нөөцөд болон экспортод мах бэлтгэх үүрэг өгсөн. Гэвч аж ахуйн нэгжүүдийн зүгээс нийслэлийн хүн амын махны хэрэгцээнд зориулсан махыг дээрх аймгуудаас татах хүсэлгүй, харин экспортод түлхүү нийлүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн.
Нийт 16 аж ахуйн нэгжийн 18 агуулахыг шалгалтад хамруулснаас 15 нь өөрийн буюу мах нөөцлөхөд бэлэн. Нөөцийн мах борлуулалтын цэгүүдийг хэлэлцэж дүүргүүдийн хүнсний хэлтсүүдэд өнгөрсөн баасан гаригт урьдчилсан байдлаар ирүүлсэн 310 дэлгүүрийн саналыг хэлэлцэж, шүүлтүүр хийх, өнгөрсөн жил хангалтгүй ажилласан болон татварын өртэй дэлгүүрүүдийг хасна” гэлээ.