
Саяхан орон нутгийн сонгуулийн үеэр төвийн нэг телевизээр нөгөө л муу Н.Энхбаярыгаа гоочилж байна. Тэгэхдээ жалганд байгаа, одоо улс төрийн ямар ч гүйлгээгүй болсон гэх юм. Миний муу гурван үсэгтэй нэрийг ч хүртэл лангуун дээр тавьсан таваар болгож ашигласан бололтой юм билээ. Энэ нь аль одоогоос найман жилийн өмнө буюу 2012 оны хавар болсон асуудал юм. Тэгэхэд Ерөнхийлөгч асан Энхбаяр ачигдаж байсан үе.
Тухайн үед нийгэм тэр чигээрээ энэ асуудлаар зөв буруу гэж баахан шуугиж байв. Тэр үед төвийн нэгэн сонин надаас энэ тухай ярилцлага авсан юмдаг. Би “За яахав Н.Энхбаярт алдсан оносон хоёр аль аль нь л байгаа биз. Гаргасан алдааныхаа төлөө энэ хүн лайгаа эдэлдэг юм байж гэж бодъё. Тэгвэл 11 тэрбум ам долларын их өрийг тэгэлсэн гээд өдий төдий гялайх юм бий шүү дээ энэ хүнд. Тэрийг нь яагаад ярьж болддоггүй юм” гэж хэлсэн.
Тэгсэн сурвалжлагч эхний хэсгийг нь авч гарчиг болгоод, сүүлчийн утгыг зориуд хаясан юм билээ. Доторхийг нь хүн уншаад ойлгоно гэж бодсон уу, хүн хүний мууд дуртай шүү дээ. Тэр үед миний бие үг хөөгөөд яах вэ гэж бодоод орхисон юм. Тэгэхнээ нь одоог хүртэл явдаг юм байна. Би тэгэж хүнийг ядарч явахад нь улам дэвсэж, хойноос нь нулимдаг эр хүн биш ээ. Ёстой хол холхойно. Хэрүүл ихтэй газар хиншүү хүртэл тогтдоггүй гэдэг мэргэн үг бий.
Саяхан орон нутгийн сонгууль болж өнгөрлөө. Даржиндуу улсын сүржиндүү сонгууль боллоо гэж бодсон. Тэгэхдээ ерөнхийдөө түрүүчийн амжилтаа баталгаажуулсан аятайхан талдаа сонгууль боллоо. Одоо гагцхүү шат шатны сонгуульд ялалт байгуулсан нам болоод нөхөд маань ёстой амины юмаа ард нь тавьж, албаны ажлыг урд нь тавьж, морь нохой мэт зүтгэх хэрэгтэй л үлдлээ. Сөрөг хүчин ч ялгаагүй. Сөрөөд зөрөөд байх биш, зөв юмыг дэмжиж, зангидсан гар шиг явбал улс хожиж л таарна.
Хувьдаа хожоо харж хэрхэвч болохгүй. Хожоо нь зөвхөн улс нийгмийнх л байх учиртай. Саяхан хэдэн жилийн өмнө Их хуралд хамт ажиллаж байсан нэгэн нөхөртэйгээ гуанзанд таарав. Бид хоёр толгой дохисон болоод л зөрсөн. Уг нь тухайн үедээ бие биеийнхээ өрөөгөөр орж гардаг, харилцан санал бодлоо солилцдог, нөхөрсөг л байсан юм. Захын ширээн дээр мань хүн тухлаад их л яравгардуу, нүүр рүүгээ юм цацуулчихсан гэмээр ч юм шиг сууна билээ.
Хүн ингэж ч төрөл арилжсан юм шиг болж болохгүй л дээ. Мэр сэрээр ингээд байвал нөгөө яриад байдаг төр, ард түмний холбоог яаж гагнаж бэхжүүлэх билээ.
Ер нь улс төрийн намуудын тухай хууль, сонгуулийн тухай хууль зэргийг улам л шүүсийг нь шахаж, ёстой шахсан бяслаг шиг болгож байх хэрэгтэй юм. Тэгэхдээ хуулийг хэрэгжүүлэх явцад санаатай санамсаргүй алдаа мадаг гардагыг ч үгүйсгэх аргагүй. Улс төрийн намуудыг Дээд шүүхэд бүртгэж авч буй шалгуурууд нь ямаршуу байдаг юм мэдэхгүй. Би мэдэх албагүй ч байж болно.
Цаашид алсдаа Үндсэн хуульдаа ч хугацааны хувьд хол ойр, том жижиг улсуудын хувьд ч харьцуулж бодох юм бий гэж мунхаглана. Тэгэхдээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг одоогийн манай урдаа барьдаг л сайчууд боловсруулсан болохоор нэг хэсэгтээ санаа амар байж болох юм. Гэхдээ л Үндсэн хуулийн институт, хүрээлэн маягийн юм манайд байнга ажиллаж байх учиртай.
Миний бие ойрхон хөдөө яваад ирлээ. Малчид, оторчидтой уулзаж ярилцаж явлаа. Баруунтайгаас зүүн зүгт чиглэсэн ямар ч байсан “төмөр зам давна”, “Мал ихтийн тал” орно гэсэн нүүдэлчид, тууварчид цувж байна. Адуу мал нь эргэж нутаг руугаа хоргодож гүйнэ. Өнгөрсөн зун нилээд аймгуудад бороо ороогүй, гандсан тул хүн, мал хоёр ядарсан маягтай харагдаж байна. Гагцхүү очих, хүрэх газар нь л, зам зуурт ч тэр, ёстой дээр үеийн ёсоор олбог ширдэг дэвсээд, идээ будаа болдоггүй юм гэхэд сайхан зантай, худаг усаа харамлаж цоожилчихгүй, тосч хүлээж аван, би үгүй хоёроороо энэ өвлийг малын гарз хохирол багатай даван туулах хэрэгтэй юм даа. Цаана нь хахир хавар гэж бий. Хэдэн мал бол МУ-ын үндэсний баялагийн нэг хэсэг юм. Миний бие говийн болоод хангайн хөдөөг уул уурхайгаас ч нэг их дутахгүй гэж бодож явдаг билээ.
Саявтар тевевизээр дуучин Жавхлангийн тухай аятайхан нэвтрүүлэг гарсан. Нутаг ус, уул хангай, мөрөн голоо, ард түмнээ магтан дуулсан, дайчин түүх шаштираа дурссан, үндэсний соёл ахуйгаа дээдэлсэн тун ч зэгсэн нэвтрүүлэг болжээ гэж бодсон шүү.
Тэр жил Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди Франц улсад айлчлахдаа дэлхий ертөнц даяаршихын хажуугаар “дангааршил” гэж бас байх учиртай гэж хэлснийг Франц улсын ерөнхийлөгч агсан Жак Ширак өндрөөр үнэлж, тэмдэглэж хэлсэн гэдэг.
МУ-ын ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЪЯАТ ТЭЭВЭРЧИН Р. РАШ