“Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
ОХУ өргөн, БНХАУ нарийн царигийн төмөр замтай. Цаашид манай улс ямар царигаар төмөр зам тавихыг Засгийн газрын санал болгосноор УИХ шийднэ. Гэхдээ УБТЗ-аас төмөр зам салаалуулан тавих бол өргөн царигаар төмөр зам тавина гэж Төрөөс төмөр замын тухай баримтлах бодлогын баримт бичигт онцолжээ.
УБТЗ-ын галт тэрэгний хурд цагт 40-50 км буюу маш удаан, 16 мянган ажилтантай, бүтээмж багатай талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл онцлов. Тэрээр Бээжин-УБ чиглэлд нарийн царигийн төмөр зам тавих боломжийг асуув.
“ТРАНС-АЗИЙН ТӨМӨР ЗАМЫН СҮЛЖЭЭНИЙ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-ИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Тайланд Улсын Бангкок хотноо 2023 онд баталсан “Транс- Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.
Зам тээврийн сайд Дэлгэрсайхан: УБТЗ 75 жилийн ойгоо угтаж байна. Би О.Цогтгэрэл гишүүнтэй санал нийлнэ. Өндөр хөгжилтэй орнуудад төмөр замд олон мянган хүн ажиллах шаардлагагүй болсон. УБТЗ манай улсын хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэсэн. Одоо ч 16 мянган хүнийг ажлын байраар хангаж байна. Учир нь УБТЗ өөрийн цэцэрлэг, сургууль гэх мэт олон байгууллагатай.
ОХУ-тай байгуулсан, Стратегийн түншлэлийн гэрээ бий. Энэ гэрээнд УБТЗ-ын төмөр замтай зэрэгцүүлэн шинэ төмөр зам тавих бол өргөн царигаар л тавина гэж заасан юм билээ.
УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан С.Бямбацогт: Бид том зургаар нь харах ёстой. Иран, Энэтхэг рүү төмөр замаар гарах хэрэгтэй. Төрөөс төмөр замын салбарт баримтлах бодлогоо шинэчлэх шаардлагатай. Одоо бид БНХАУ-ын Тяньжиний боомтоос шууд хамааралтай болсон. Энэ боомтод олон зуун чингэлэг хүлээгддэг. Иймд төмөр замын гарцыг нэмэгдүүлж, Транс-Азийн төмөр замын сүлжээнд нэгдэхийг дэмжиж байна гэв.
Энэ асуудлыг маргааш УИХ-ын гишүүдээс санал авахаар тогтож, УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв.
Сэтгэгдэл үлдээх