
2020 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 76 884 гэмт хэргийн улмаас нийт 55 815 хүн хохирчээ. Үүнээс 2144 буюу 3,9 хувь нь хүүхэд байгаа ба прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хүн худалдаалах гэмт хэрэг 40 хувиар өссөн байна.
Тодруулбал 2144 хүүхдийн
- 338 буюу 15,7 хувь нь хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэх,
- 40 буюу 1,8 хувь нь хүн худалдаалах гэмт хэргийн улмаас хүүхэд хохирсон,
- 73 буюу 3,4 хувь нь Эрүүгийн хуулийн 16 дугаар бүлэгт заасан “Хүүхдийн эсрэг” гэмт хэрэг,
- 1693 буюу 78,9 хувь бусад төрлийн гэмт хэргийн улмаас хүүхэд хохирчээ.
Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэх нь өмнөх оноос 12,9 хувиар буурсан байх ба прокурор 146 буюу 41,9 хувьд нь яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлжээ.
2020 онд Хүн худалдаалах нийт 34 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь өмнөх онтой ижил түвшинд байгаа боловч 7 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн нь өмнөх оноос 40 хувиар өсжээ.
Хүн худалдаалах гэмт хэргийн 3 буюу 8,8 хувь нь Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн хэрэг байна.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн дийлэнх хувь нь Нийслэлд үйлдэгдэж байна.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 2351 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оноос 21,2 хувиар буурсан байна. Эдгээр хэргийн 63,5 хувь нь Нийслэлд, 36,5 хувь нь орон нутагт үйлдэгджээ.
Нийт хяналт тавьсан хэргийн 41,2 хувьд нь прокурор яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.