Хүүхдийн фонд байгуулах тухай Соёлын яамны санаачилгыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэлээ. Тавин жилийн дараа дахин байгуулагдсан “Хүүхдийн төлөө фонд”-д хөрөнгө цуглуулах Монгол туургатан уран бүтээлчдийн теле концерт өчигдөр 18.00 цагаас эхлэн шөнийн 02.45 цаг хүртэл үргэлжиллээ.
Фондын анхны хандив болгож Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Ерөнхий сайд У.Хүрэлсүх 1 тэрбум төгрөг хандивласан бөгөөд шууд нэвтрүүлгийн үеэр иргэд, ААН-үүд хүүхдийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж буйгаа илэрхийлж, хандив өргөлөө. Шууд нэвтрүүлгийн төгсгөлд хандивын дансанд 2 тэрбум 222 сая төгрөг цугларч, Монголын ард түмэн хүүхдүүдийнхээ төлөө дуу хоолойгоо нэгтгэж чадсаныг Соёлын сайд С.Чулуун онцлоод, Хандивын хөрөнгө болон Засгийн газрын дэмжлэгээр Хүүхдийн төв номын сан, Хүүхэлдэйн театрын цогцолбор барихаар төлөвлөснөө дуулгав.
Хүүхдийн төлөө фондод хөрөнгө хуримтлуулах тоглолтын үеэр Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар оролцож, Хүүхдийн төв номын сан, хүүхэлдэйн театрын цогцолбор барихад зориулж Чингэлтэй дүүргийг V хорооны нутаг дэвсгэрт 11000 квадрат метр газрын асуудлыг шийдвэрлэснээ цэнхэр дэлгэцээр зарлаж, батламжийг салбарын сайдад нь гардууллаа.
Долоон цаг гаруй хугацаанд үргэлжилсэн тоглолтын үеэр Монголын ард түмэн, ААН байгууллагууд тасралтгүй хандив өргөсөөр байв. Өргөсөн хандивыг нэгбүрчлэн энд дурдах боломжгүй ч хандивын хөрөнгө, зарцуулалт ард түмний нүдэнд ил шилэн байх юм. Хүүхдийн төлөө өргөсөн хандиваас онцолбол,
- Соёл, урлагийн салбарт ажиллаж буй 7000 гаруй ажилтан, уран бүтээлчид нэг өдрийн цалин болох 150 сая төгрөг
- Монгол Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам ХНН 500 сая төгрөг, нийт 16 мянган ажилтны нэг өдрийн цалин
- Иргэн н.Мягмардорж 20 сая төгрөг
- СГЗ Ш.Гүрбазар 500.000 төгрөг
- “Мандах” нярайн сувилалал 500.000 төгрөг
- Хүүхдийн байгууллагын ахмад ажилтнууд, хүүхдийн ордны ахмад ажилтнууд
- Төв аймгийн болон Өмнөговь аймгийн Гэр бүл Хүүхэд хөгжлийн газар
- Хүүхдийн театрын ахмад жүжигчин А.Цэгмид 100.000 төгрөг
- Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгийн газраас ажилтнуудын нэг өдрийн цалин
- Хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа бүх ажилтныхаа нэг өдрийн цалин
- Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах “Ирээдүй” ТББ 100.000 төгрөг
- Эрчим хүчний ахмад ажилтан н.Болд тэтгэврээсээ 50.000 төгрөг
- Монголын Уран зургийн галлерейгаас 400.000 төгрөг.
- “Туушин” группээс 10 сая төгрөг
- “Наран” ресторан 5.000.000 төгрөг,
- Монголын гимнастикийн холбоо 100.000 төргөг
- Тус цахим тоглолтын хоёрдугаар ээлжийн уран бүтээлчид нийлээд 3 сая төгрөг
- Иргэн н.Дүгэрсүрэн хундан цагаан хонь,
- “Түмэнзул Энержи” компани 5 тонн замаск буюу барилгын материал,
- Хүслэн, Төгөлдөр, Анхилуун хэмээх гурван хүүхэд гацуур модныхоо 60.000 төгрөг,
- “SBM хангай” компани 20 сая төгрөгт дүйцэхүйц явган замын хашлага, хавтан
- Улсын аварга тариаланч н.Бямбажав гуай тугалтай үнээ болон 50.000 төгрөг
- “Одон дизайнс” хүүхдийн хувцасны үйлдвэр 50 хүүхдийн биеийн тамирын хувцас
- 44 настай 4 хүүхдийн ээж, “Юнисити Монгол” компанийн эрүүл мэндийн зөвлөх бүсгүй компанийхаа бүтээгдэхүүнээс 1 сая хүртэлх үнийн дүн бүхий хүүхдийн витамин, бүтээгдэхүүн
- “Боржин суварга” компаниас хүүхдийн тодотголтой барилга байгууламжийн урд 30 сая төгрөгт дүйцэх хөшөө байгуулах эрх,
- “Андын зам” компани 50 сая төгрөгт дүйцэхүйц бетон зуурмагаар хангах эрх
- “Бүрэн их наяд” компани 1 сая хүртэлх үнийн дүнд цоожоор хангах тус тус хандивлалаа.

Мөн Олимпын аварга, МУГТ Н.Түвшинбаяр нэр хүндтэй олон тэмцээнд өмсөж байсан, Mizuno брэндийн өмсгөлөө зарах дуудлага худалдааг 9 сая төгрөгөөс эхлүүллээ.
Сонирхуулахад, өнгөрсөн зуунд Юмжаагийн Цэдэнбал агсны гэргий Анастасия Цэдэнбал Филатова Монголын ард түмний ирээдүй хойч, үр хүүхдүүдийн төлөө хөдөлмөрлөж 1972 онд “Хүүхдийн төлөө фонд”-ыг байгуулан хот хөдөөгүй олон тооны цэцэрлэг, сургууль, эмнэлэг, хүүхдийн зуслан, хуримын ордон гээд маш олон бүтээн байгуулалт хийсэн түүхтэй. Өдгөө ч Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор, Гэрлэх ёслолын ордны үйл ажиллагаа үргэлжилсээр байна.