Арав төгсөх жилийн өвөл сөн. Ангийхан маань “Сургууль төгсгчдийн сүлд модны наадам” хийнэ гээд бөөн хөл хөөрцөг. Төгсөх дөхөөд сэтгэл нэг л гэгэлзүүр. Ангийнхаа охинд сайныг хэлэх үү, нөгөөхөө бараадаж сургууль дээрээ хонох шахна. Ээж маань намайг хичээлдээ шамдаж байна даа гэж бодно. Миний хувьд түүнийхээ дэргэд байх ганц л хүсэлтэй. Хичээлдээ ч гайхуулахааргүй. Харин хайрын захианы мастер гэдэг “өргөмжлөлтэй”. Олон найз нарынхаа захиаг бичиж өгсөн дөө. Яруу найрагч Б.Мягмаржавын нэгэн шүлэгт:
“Тоо бодлогын дэвтэрт
Томъёо шүлэг хоёр зэрэг эхэлж
Яг голын хуудаснаас
Янагийн үгтэй захиа дурайж
Гурван зэрэг эхэлсэн дэвтэр минь
Гурвын тооноос өөр дүнгүй” гэдэг шиг цохьж явна. Миний нэг хийдэг ажил гэвэл шүлэг бичих. Голдуу түүндээ зориулж бичих аядана.
“Аяар аяархан зүүдэлж явснаа нуухгүй
Ангийн охидын сор явсныг мартахгүй” гэх ч юм уу эсвэл
“Анхны минь гэнэн дурлал ч юм уу
Алаг нүдний минь шохоорхол ч юм уу
Амьдрал зөгнөсөн учрал ч юм уу
Ариун хайрын минь эхлэл ч юм уу
Би чамд хайртай болчихлоо
Битгий гайхаарай орчлонгийн жам юм” гээд л урсгана даа.
Амьхандаа би, сургуулийн сор охидын нэгэнд дурласан хүн шүү дээ. Цэргээс ирсэн ах нар миний хажуугаар түүнийг эргүүлдэнэ. Би бас барилддаг санаатай. Тэдэнтэй нулилдахаас буцахгүй “зоримог”. Сумын овгоруудтай зиндаархана. Оройн бүжиг, киноны дараа түүнийгээ хүргэж өгөх шиг жаргал байдаггүй сэн. Гараас нь хөтлөөд орчлонгийн хаа ч хүрсэн хамаагүй алхаад баймаар гэгээн хүсэл төрнө. Даанч ярих үг, явах газар хэмжээтэй. Гараас нь бариад жаахан зогсмоор санагдавч нөгөөх маань даарлаа гээд орчихно. Нэг өдөр манай ангийнхан “Монита” гэж нэг юм сугалаад. Сугалсан хүндээ бэлэг өгдөг, тэгээд бас нууц байдаг их сонин эд ээ. Ангийн даргадаа нэг шоколад авч өгөн найрч, нөгөө охиныхоо нэрийг тааруулав. Харин юу өгөхөө мэддэггүй. Хөдөө суманд юм ховор. Айлынхаа хүнийг хот явахаар тухайн үеийн охидын моод араб алчуур захиад хоног тоолон хүлээлээ. Манай ангийнхан Монитадаа бэлэг өгөөд л. Би хот руу захьсан бэлгээ хүлээгээд л. Монитагийн нууц задарч би ч бараг илчлэгдэв бололтой. Ашгүй айлын хүн ирж, бэлгээ цүнхэнд нь сэм хийчихэв. Гэтэл нөгөөх маань би ийм үнэтэй бэлэг авахгүй, ирээдүйд эхнэр болгох хүндэ өг гээд буцаагаад өгдөг байгаа. Гомдох сэтгэл төрсөн гэдэг жигтэйхэн. “Чамд зориулж авсан” гээд ч нэмэр болдоггүй. Ангийн зарим охид алчуурыг минь худалдаж авъя гэж гуйсныг бодоход үнэтэй эд байсан бололтой. Шинэ жилийн өмнөхөн аймгийн өсвөрийн яруу найргийн “Найргийн даага” наадам болж, би шүлгээ сойв. Ахлах ангийн хүүхэд хайрын шүлэг уншиж болно гэж шүүж байсан яруу найрагч ах хэллээ. Би ч уухайн тас түүндээ зориулж бичсэн:
“Одоо л чамайгаа хайрлахгүй юм бол дурласан гээд яахийм
Орчлонгийн цэнхэр морь гэрийн чинь гадаа уяатай байна
Алсын алсад нэг л өдөр залуу нас минь мордож одно
Амжиж одоо л чамайгаа хайрламаар байна” гээд “том хүний” шүлэг уншиж буруудаад тусгай шагнал хүртсэн ухаантай. Хүүхдүүд үлгэрийн баатар, ээж аавын тухай шүлэг уншиж байхад содон сонсогдоо биз. Зарим хүн их ундууцсан сураг байдаг. Сүүлд нь байр эзэлсэн хүүхдүүдийн шүлэг сонин дээр гарахад минийх гараагүй юм даг. Шагналынхаа мөнгөөр нэг хөөрхөн чихмэл нохой аван түүндээ авчирч өгвөл хязгааргүй баярлаж байна. Би учиргүй гайхав. Моодонд ороод байгаа араб алчуур өгөхөд тоогоогүй хүн чинь чихмэл тоглоомонд баярлаж нөгөөдөхөө тэвэрч өхөөрдөөд сүйд ээ. Тэгснээ өөрийнхөө уран бүтээлээр, бас сэтгэлээсээ бэлэг өгсөнд баярлалаа гээд анх удаа үнссэн. Халуу ч оргих шиг хачин гоё мэдрэмж төрсөн сөн.
“Үнссэн газар нь одоо хүртэл халуухан байдаг
Үйл заяаны мөнхийн гоо цэцэг
Үлэмжийн ялдам хайрын бал амсуулсан
Үл мартагдах хайрын шинэ жил минь ээ” хэмээн бичиж байлаа.
Бэлэг үнэ цэнэтэйдээ бус сэтгэлээсээ өгөхөд оршдог гэдгийг гэнэн хонгор нас минь тэгэхэд л ойлгосон доо. Бас түүндээ байшин дүүрэн чихмэл тоглоом авч өгнө гэж амлаж билээ. Тэр минь өвгөн ааваас бэлэг авч хоёулаа хувааж, идэж их л жаргалтай амьтан дээлэндээ багтахгүй бадарч явлаа.
“Дунд сургуулийн цагаахан хормогчтой охин
Дурлалын тэнгэрийн элч байсан юм
Гэнэн томоогүйхэн арван долоохон настай хүү
Гэрэлт хайрын дууч байсан юм”
Тэр жилийн шинэ жилээр өвлийн жавар ид тачигнаж байсан ч сэтгэлд минь зуны нар мандаж, хайрын илчинд дулаахан явж дээ. Сургууль төгсөгчдийн шинэ жил маань хайрын шинэ жил болон гэрэлтэж он цагийг туулсан. Хүүхэд насны гэгээхэн тунирхуу хайр минь ухаарал, бас алсад дуудсан гэрэлт мөрөөдлийн элч байж дээ, одоо бодоход
“Чимх чимхээр холдсон он цагийн салхи
Чин ариун хайрыг дурсамж болгон үлдээчихлээ
Үнэн тэнгэрлиг төрсөн Халхын сайхан Хандармаа
Үйл хэлхсэн хайрын минь ганцхан эзэн байсан даа”