Радио

Шинэ Монгол”  радио нь нийгмийн сайн сайхан, нийтийн эрх ашгийг дээдэлж, шударга  ёсны дуу хоолой, эгэл жирийн иргэдийн үзэл бодлын илэрхийлэл болох эрхэм зорилготой. Манай радио өдөр бүр орон даяар 07.00-23.00 цагийн хооронд өргөн нэвтрүүлэг, мэдээ, мэдээлэл, дуу хөгжмөө сонсогчдод  хүргэж байна.

   Нийслэлийн тэргүүлэгч  Fm 101,7  нь 26 жил тогтмол үйл ажиллагаа явуулж ирсэн, Улаанбаатар хотод цацагдаж байгаа, “Шинэ Монгол” радио нь 2011 онд Монголын анхны өргөн нэвтрүүлгийн чөлөөт радио болж байгуулагдсан юм. 2012 оны 6 дугаар сарын 20-ноос өргөн нэвтрүүлгээ цацаж эхэлсэн. Манай радиогийн нэвтрүүлэг Улаанбаатар хотод богино долгионы ФМ-101.7 мегагерцийн үелзлэл дээр, Эрдэнэт, Дархан хот болон бүх аймгийн төвүүдэд мөн богино долгионы үелзлэлээр, түүнчлэн “DDish” хиймэл дагуулын тавган антенн ашиглан орон даяар бүх сум, баг, малчны хотонд хүрч байгаа болно. Орчин үеийн хамгийн дэвшилтэт технологи дээр суурилж, дуу авианы цацалт, хүлээн авалтыг чанарын өндөр төвшинд өргөн уудам нутаг дэвсгэрийг хамран нэвтрүүлж байгаа нь манай радиогийн гол давуу тал юм.

“Шинэ Монгол” радио орон даяар өргөн нэвтрүүлэг цацдагийн хувьд төр, засгийн бодлого шийдвэр, яам, агентлаг,  аймаг, сум орон нутгийн төр захиргааны байгууллагын ажил үйлс, цаг үеийн ажил,  тулгамдсан асуудал, иргэдийн ахуй амьдралын талаархи  мэдээллийг олон нийтэд хүргэхийг нийтлэлийн бодлогынхоо гол зорилго болгон ажиллаж байгаа болно.

      Тус радио нь Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн тэргүүлэх эгнээд багтдаг  бөгөөд МСНЭ-ийн 2012, 2013 оны “Шилдэг радио”-оор, 2014, 2015 онд  Монголын Хэвлэл мэдээллийн бизнес эрхлэгчдийн  холбооноос олон нийтийн санал асуулгаар шалгаруулдаг “ Best of Mongolia”  уралдааны “ШИЛДЭГ” FM шагналаар, 2016 онд МСНЭ-ээс Анхдагч чөлөөт радио”-оор шалгарсан билээ.