Оюутан насны дурсамж сэтгэлийн манан дундуур яруухан инээмсэглэл тодруулсаар дурдатгалын алтан хуудсыг сөхөв. Миний оюутан нас маань улс төрчдийн шилжилтийн хэмээн нэрлэдэг 1990-ээд оны дунд үе л дээ. Бууралын буянд адууны тоосонд өссөн талын малчны хүү гэрээрээ дүүрэн номтой сэтгүүлч болох гэгээн хүсэл өвөрлөн сумын шуудангийн машинд дайгдан их хотын зүг хөдөлж билээ. Хотын тухай миний мэдэх юм Сүхбаатарын талбайг кинон дээрээс харсан төдий. Хоёр чих минь хотын тухай ярих төдийд л соотойно доо. Хот хэд хэдэн удаа ороод үзчихсан саахалт айлын банди надад “илүүрхээд” сүйд ээ. Буунгуут найзууд нь тосож аваад л “лусын хаан” шиг жаргуулдаг юм гэнэ. Нөгөөх чинь хурдхан варанд сууж алжаалаа тайлна. Намайг ханьс гэх зуур аав ээжийн сануулга зурс хийгээд явчихав. Ээж маань үргэлж “Чи сагсуу шүү сагсуу. Хүн дагаж тэр вар гэдгээр оров. Тэнд чинь дандаа алдаг, талдаг хүмүүс сууж байдаг юм гэнэлээ” гэж сануулахын завсар аав тэндээс “Ээ дээ хүн амьтан дагаж гол усаар тэнэж яваад үйж үхэв дээ. Говийн бид нар чинь шагайгаар татсан усанд л живж үхэх улс. Сагсуу хүн ч хэцүү дээ” хэмээн толгой сэгсэрнэ. Сагсуу гэдэг нь манай нутгийн тийм ч муу үг биш лдээ. Онгироо хөөргөн хүнийг л голдуу ингэж хэлэх. Би гаднаа яалаа гэж тэгэхэв, хичээлээ хийгээд суугаад байна хэмээн хэлнэ. Аягүй бол сургуульд явуулахгүй гэж гэнэ байх гээд муу санаалж байгаа ухаантай. Дотроо бол заавал тэр варанд орох юм шүү, хотод очингуутаа голд сэлж сурна зөрүүд хөдлөнө. Энэ удаа варны тухай сонсоод “айхгүй ч гэсэн аягүй “ гэгчээр шууд татгалзлаа. Айлынхаа ахыг даган таньдаг айлд нь буув. Хотын айлд оронгуутаа гутлаа тайлдаг юм, энэ бол боловсон ёс хэмээн шивэгнэв. Ёсыг гүйцэтгээд сайхан цай ууна даа гэж бодтол жижигхэн аягатай чихэртэй хар цай дөхүүллээ. Том хулаар айраг гүзээлж сурсан надад балга хар цай даанч урам алга, амны цангаа тайлсангүй. Иймэрхүү маягаар их хотын амьдралтай танилцаж эхлэв. Ном үзэхийн зэрэгцээ боловсон ёс гээчийг сурах хэрэгтэй болохыг ойлголоо. Хүнтэй уулзахдаа заавал гар барина. Салахдаа баяртай гэж хэлнэ. Эмэгтэй хүнд илүү хүндэтгэлтэй хандах ёстой гээд олон юманд суралцах болов. Нэг удаа бөөн зангиа костюм болсон хот маяг орчихоод Цайз захын хажуугаар алхаж явтал “Хөөе ноолуур байна уу” гэдэг байгаа. Намайг хөдөөнийх гэж яаж мэдэвээ гэхэд алхаагаар чинь хэмээн доогтойхон дуугарав. Дээд сургуулийн оюутан болох сайхан ч гэлээ тарчиг ядуу явна гэдэг хүн хүсмээр юм биш. Автобусны мөнгөгүй болох үе зөндөө. Кондуктор эгчийг найрах гэдэг мундаг авьяас шаардсан ажилд өөрийн эрхгүй суралцлаа. Бас тэдэндээ таарсан нэр хайрланаа. Шар хадны автобусны эгчид “Танкийн хар” гэдэг нэр өгөөд дараа нь алуулах шахаж билээ. Өвлийн чинь идшийг даанаа гээд л эхэлснээ, шүлэг уншиж өгнө. Бүр танд зориулж бичсэн гэх ухааны юм гөвнө. Хөөрхий дээ тэд ч биднийг өрөвдөөд л нэг чимхээд л явуулна. Харин замд тасалбар шалгагч таарвал ч өршөөлгүй, автобус угаалгах ч энүүхэнд. Шинэ жилийн үеэр манай ангийнхан варанд оров. Ээжийн хэлсэн үг санаанаас гарахгүй. Хаанаас атаман нь гарч ирээд цохьчих бол бодогдоод ийш тийш хулмалзаад л хараад байлаа. Шар айраг ч хоолой давдаггүй. Анх ингэж вартай танилцав. Удахгүй хүндэт үйлчлүүлэгч нь болсон доо. Хавар ангийнхан Туулын эрэг орно гэлээ. Аавийн хэлсэн үг санагдаад болдоггүй ээ. Гэсэн ч нөгөө хэдээ дагаад л туучихлаа. Энэ удаа магнайдаа хатан Туулын уснаас хүргээд л орхилоо. Говьд өссөн над шиг амьтан усанд сэлнэ гэдэг санах ч юм биш аж. Нэг үеэ бодвол овоо хотжиж эхэллээ. Нар шингэснээс хойш гэрээс гардаггүй байсан хүн шөнө хагаслаж ирдэг болов. Суудаг айлын маань өвгөн хааяа даа ”Нүдэт амьтан унтаж Нүгэлт амьтан явдаг цагаар” тэнэж явах юм гэж зэмлэнэ. Аав ээж хоёр ч намайг ингэж оройтдогийг мэдвэл ухаан алдаж унана даа. Үеийнхээ охинтой дотносож бие биеэ дөхүүлж өгсөөр оройтчихно.Тэр намайг буудал дөхүүлж өгнө, би буцаад гэрт нь хүргэнэ. Заримдаа арав хорин удаа дөхүүлсээр, хүргүүлсээр шөнө хагаслана. Гэрээс ирэх хэдэн төгрөгөө зохицуулж чадахгүй. Эхний хоёр өдөр лут баян хүн баруун солгойгүй цацаад хаяна. Дараа өдрөөс бахь байдаг хуучин амьдрал эхлэх жишээтэй. Ямар сайндаа манай нэг найз “ Мах байвал айлаас гурил зээлээд хоол хиймээр байна. Даанч давс алга даа” гэж хошигнож билээ. Ер нь тийм байсан даа. Гэхдээ оюутны амьдрал гэрэл гэгээтэй. Бэл нимгэн ч бардам яриатай, дэврүүн хүсэл мөрөөдөлөөр жигүүрлэж явав. Зуны амралтаараа нутагтаа мөн том “амьтан” очлоо. Үеийнхэн цуглаад хотын тухай яриуллаа. Би бүх юмыг мэддэг чаддаг хүн ханхалзаад л. Гоц гойд үйл явдлын бол дунд нь байсан, арай болохгүй бол холоос харж байсан ухааны юм хэлээд ер зугаатай. Бас найз охиныхоо зургийг үзүүлж гайхуулна. Намар сургуульд явахад надад “илүүрхээд” байдаг саахалтын банди надаас салахгүй. Миний ярьсныг өөрөө тэгсэн болоод л тууна даа. Би түүнд аль болохоор давсалж ,тэр цаашаа бүр нэмнэ. Зарим үед нутгаар нэг цуу болох шинжтэй. Ямар сайндаа найз охиноо миссийн тэмцээнд орж байсан гээд хэлчихсэн чинь маргаашнаас нь эхлээд найзууд мисс эхнэрээ хэзээ авчрах вэ гээд шалгаагаад эхэллээ. Зарим нь танай эхнэрийн найзтай танилцаад шууд сууна гэх хүн ч таарч байв. Сүүлд нь найз охиндоо чамайг миссийн тэмцээнд орж байсан гээд хэлчихсэн, манай найзууд харна гээд байна гэвэл чи ямар худалч юм, танай нутагт би ямар нүүрээрээ очих юм бэ гэж уурлаад. Би арай даваадуулж, нөгөө нөхөр хэтрүүлсэн бололтой. Аав нэг удаа манай бэр болох хүнийг мисс ч гэнүү гадуур ярьж гэсээр орж ирэв.Миний нүүр ч түлэгдсэн боорцог шиг боллоо. Тэгээд юмыг хэтрүүлж болдоггүй юм байна гэдгийг ойлгосон доо. Хорин нас минь ингэж л оюутан цаг, боловсон ёс, мисс эхнэрээр гоёж байж даа. Дурдатгалын алтан хуудас дурсамж хөврүүлэн эргэсээр авай.