Гэр бүл цуцлахад ипотекийн зээлийн асуудлыг шүүхэд хэрхэн шийдэж буйг судалсныг танилцуулж байна. Нээлттэй Нийгэм Форум 2016 оноос тодорхой төрлийн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж, хараат бус судлаачдыг дэмжин ажиллаж буй юм.
2019 онд гаргасан эмхэтгэлээс эрх зүйн соёл ТББ-ын судлаачдын баг болон Н.Норовсамбуу “Шүүхийн журмаар гэр бүл цуцлахад ипотекийн зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийг хувааж буй шүүхийн практик”-т хийсэн дүн шинжилгээг хүргэж байна.
Судалгаанаас улсын хэмжээнд 5 гэр бүл тутмын нэг нь, Улаанбаатар хотод 3 гэр бүл тутмын нэг нь гэрлэлтээ цуцлуулж байгаа гэсэн статистик үзүүлэлт харагдав. Манай улсад 18 нас хүртэлх хүүхэдтэй гэр бүлүүд гэрлэлтээ шүүхийн журмаар цуцалдаг бөгөөд 2017 онд гэр бүл цуцлах тухай 2791 хэргийг шүүх хянан шийдвэрлэжээ.
2013 оны 6-р сараас орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийг олгож эхэлсэн. 2017 оны 10 сарын байдлаар улсын хэмжээнд 53259 өрх (Улаанбаатар хотод 41212, орон нутагт 12047) ипотекийн 8 хувийн зээлд хамрагдаж орон сууцтай болсон байна.
Иргэд, олон нийтийн зүгээс гэр бүл цуцлахад ипотекийн зээлийн хөрөнгийг хэрхэн хуваах талаарх мэдлэг мэдээлэл хомс байдгаас гэр бүл цуцлах үед гэр бүлийн гишүүд эрх ашиг сонирхлоо хамгаалж чадахгүй байдалд хүрэх, тэдэнд тааламжгүй үр дагавар бүхий шийдвэр гарах зэрэг асуудал тулгардаг. Үүнээс үүдэн гэрээний үүрэг гүйцэтгэгч этгээд өөрчлөгдөх, эсвэл үлдэж буй зээлийг яаж хуваах зэрэг асуудал үүсдэг.
Гэр бүл цуцлалтын статистик мэдээ
Гэрлэлтийн статистик | |||||
Улс, aймаг | Гэрлэлт | 2014 | 2015 | 2016 | 2017 |
Улсын дүн | Гэрлэлт | 17,332 | 17,586 | 16,778 | 20,470 |
Гэрлэлт цуцлалтийн статистик | |||||
Улсын дүн | Цуцлалт | 3,750 | 3,873 | 4,003 | 3,945 |
Шүүхийн практикаас харахад гэр бүл цуцлахад талууд ихэвчлэн эд хөрөнгийн маргаанаа шүүхийн шатанд харилцан тохиролцох, эвийн журмаар шийдвэрлээд бусад асуудлаа (гэр бүл цуцлалт, хүүхдийн асрамж, тэтгэлэг) шүүхээр шийдвэрлүүлж байна. Эд хөрөнгийн маргаанаа харилцан тохиролцож шийдвэрлэх нь ач холбогдолтой боловч практикт дараах асуудал үүсэж байгааг анхаарах шаардлагатай.
Шүүхийн зарим шийдвэрийг харахад гэрлэгсэд эд хөрөнгийн маргаангүй буюу энэ маргааныг харилцан тохиролцсон гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрт дурдаж шийдвэрлүүлж байгаа нь дахин маргаан гарах нөхцөл болж байна. Учир нь гэрлэлт цуцалж буй эхнэр нөхөр шүүхэд маргах үедээ харилцан тохиролцоонд хүрдэг хэдий ч тодорхой цаг хугацаа өнгөрсний дараа анхны тохиролцоогоо зөрчих, биелүүлэх боломжгүй болоход нөгөө тал нь хохирдог. Энэ нь ялангуяа ипотекийн зээлийн байртай, салсан хүмүүст илүүтэй тохиолдож байна.
Тэд хамтран өмчлөх ямар эд хөрөнгийг хэрхэн хуваахаар харилцан тохирсон, ямар үндэслэлээр эд хөрөнгийн маргаангүй гэсэн талаар шүүхэд мэдүүлж шийдвэрт тодорхой тусгуулдаггүйгээс болоод хэсэг хугацааны дараа дахин маргаан үүсдэг байна. Тухайлбал, Зээлийн барьцаанд байгаа байрыг нөхрийн өмчлөлд үлдээн цаашид зээлийн гэрээний үүргийг нөхөр дангаар хариуцан, эхнэрийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөхөөр талууд харилцан тохиролцсон боловч энэхүү тохиролцоог шүүхийн шийдвэрт тусгуулж баталгаажуулалгүй, эд хөрөнгийн маргаангүй гэж ерөнхий байдлаар тайлбарлан гэрлэлтээ цуцалсан жишээ байна.
Гэтэл үр дагавар нь гэрлэлт цуцалснаас хойш хэсэг хугацааны дараа нөхөр нь гэр бүл цуцлах үеийн тохиролцоог санаатай болон санамсаргүй байдлаар биелүүлэх боломжгүй болсноос гэр бүлийн бусад гишүүдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж эхэлсэн. Гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох зээлийн барьцаанд байгаа байрыг өмчлөлдөө авсан нөхөр зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, зээлээ төлөхгүй байх болон эхнэрийг зээлийн гэрээ үүргээс чөлөөлөхгүй байх тохиолдолд нөгөө тал байрыг эзэмшиж ашиглах, захиран зарцуулах эрхгүйгээс гадна зээлийн өр төлбөрийг хариуцах, чанаргүй зээлдэгч болох, дахин зээл авах боломжгүй болох зэргээр эрх нь зөрчигдөж байна. Энд үүссэн нөхцөл нь дахин шүүхийн маргаан гарах нөхцөл болж байгааг анхаарах шаардлагатай юм.
Иймд талууд гэр бүл цуцлахдаа хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй, харилцан тохиролцсон бол энэхүү тохиролцоогоо шүүхийн шийдвэрт оруулж баталгаажуулах нь зүйтэй юм.
Эвлэрэл харилцан тохиролцоо хийхдээ талууд аль нэг маргаантай асуудлыг орхигдуулах, дутуу дулимаг хийх зэрэг алдаа гаргаж байгааг анхаарах шаардлагатай.
- Эвлэрэх, тохиролцох боломжгүй тохиолдолд шүүхээс эд хөрөнгө хуваах, ногдох хувийг гаргуулахаар дараах хэлбэрийн шийдвэр гаргаж байна.
1.Орон сууцны өмчлөлийг хүүхэд асрах эрхтэй талд үлдээн орон сууцны үнээс гэр бүлийн гишүүнд ногдох хувийг гаргуулан ипотекийн зээлийн гэрээний үүргийг (өрийг) гэр бүлийн насанд хүрсэн гишүүдийн тоонд хувааж шийдвэрлэж байна. Энэхүү орон сууцны ногдох хэсэг болон өрийг мөн адил хувааж шийдвэрлэх нь нийтлэг жишиг болсон байна.
2. Гэр бүлийн гишүүдийн тоогоор хамтран өмчлөх орон сууцыг тэнцүү хувааж, байрыг хүүхэд асрах эрхгүй талын өмчлөлд үлдээн түүнээс эхнэр хүүхдэд ногдох хувийг гаргуулан шийдвэрлэсэн (энэ шийдвэрт хариуцагчийн хувийн байдлыг шүүхээс харж үзэж хариуцагч тэтгэврийн насны, мөн эд хөрөнгийг бий болгоход давуу хувь нэмэр оруулсан нөхцлийг харгалзаж үзсэн) гэж болохоор байна. Жишээ: Шүүхээс зээлтэй орон сууцыг хуваахад гэр бүлийн гишүүдэд ногдож буй хөрөнгө, өрийн төлбөрийн байдал.
Жич: Нөхөр байргүй үлдэж орон сууцнаас ногдох хэсгийн төлбөрийг өөрт ногдох зээлийн төлбөрт тооцуулаад 5,238030 төгрөгийг эхнэр хүүхдэдээ төлөхөөр болсон. Харин эхнэр, хүүхдэд байрыг үлдээж зээлийн үлдэгдэл төлбөрөөс 5,238030 төгрөгийг нөхрөөс гаргуулж төлүүлэх ба цаашид зээлийн төлбөрийг хариуцахаар болсон.
Шүүхийн шийдвэрүүдээс харахад ипотекийн зээлийн барьцаанд байгаа байр, орон сууцыг хэрхэн хуваах талаарх шүүхийн практик нэгэнт тогтсон байна. Өөрөөр хэлбэл, шүүхээс гэр бүлийн гишүүдэд ногдох хувийг тогтоож, өрийг мөн хувааж байгаа шийдвэр зонхилж байгаа ч энд тулгамдсан асуудал байгаа нь ажиглагдлаа.
Хамтран өмчлөх дундын хөрөнгө хуваахад шүүхээс анхаарвал зохих асуудал:
– Гэр бүлийн гишүүнийг тодорхойлох, тэдний эрхийг тэгш хамгаалах талаар: Шүүхээс гэр бүлийн гишүүдийн тоогоор орон сууцны ногдох хэсгийг хувааж байгаа хэдий ч гэр бүлийн гишүүнийг тодорхойлохдоо дагавар хүүхдийг зориуд орхигдуулж байгааг анхаарах шаардлагатай. Дагавар хүүхэд нь гэр бүлийн гишүүн мөн хэдий ч насанд хүрсэн тул бие даан нэхэмжлэл гаргах эрхтэй хэмээн үзэж хамтран өмчлөх дундын өмчийг хуваахдаа түүнийг хасаж шийдвэрлэж байна. Энэ нь дагавар хүүхдийг ялгаварлах, түүний эрхийг зөрчиж байгаа асуудал юм.
БЗДИХАШШ-ийн 2017 оны 03 сарын 14-ны өдрийн №101/ШШ2017/00861 шийдвэрт: Иргэн Г-ийн дагавар охиныг гэр бүлийн гишүүн гэж үзсэн боловч насанд хүрсэн гэдэг үндэслэлээр өөрт ногдох хэсгийг гаргуулахаар тусгайлсан шаардлага гаргаагүй, ээж нь түүнийг төлөөлөх эрхгүй гэж үзсэн. Улмаар гэр бүлийн хамтран өмчлөх орон сууцыг хуваахдаа түүнийг хасаж бусад гишүүдийн тоогоор хувааж шийдвэрлэжээ.
Судалгааны дэлгэрэнгүйг энд дарж хүлээн авна уу.